Содномзундуйн Эрдэнийн ашиг сонирхол

Хэлэлцэгч бээр “эсрэг талынхаа” ашиг сонирхлыг сайтар ойлгохыг эрмэлзэнэ. Энд байр суурь, зан төрх, ажил мэргэжил биш – чухам АШИГ СОНИРХОЛ (interest) гэснийг анзаараарай. Учир нь, хэлэлцээр талуудын ашиг сонирхлын “эргэн тойрон” өрнөх учиртай юм. Бусад хүчин зүйлүүд туслах шинж чанартай. eduCase нь хэлэцээрийн урлагийг сонирхогч хүмүүст, тодорхой жишээн дээр түшиглэн таниулах “арга зүйн зөвлөгөө” болсон тул, тайлбар оруулав.

Содномзундуйн Эрдэнийн ашиг сонирхлыг авч үзэхгүйгээр, өөрийнхээ ашиг сонирхлыг хангах боломжгүй. Ингээд, Содномзундуйн Эрдэнийн ашиг сонирхолыг тодорхойлох гэж оролдъё. Ингэхийн тулд уурын зуухыг миний гэрээс 30 тохой зайд шилжүүлэн барих болсон хоёр угтвар нөхцлийг авч үзье.

  1. Амрагч ахмадуудын гомдол
  2. Бизнес тэлэлт
30 тохой
Tip: 
Өөрийгээ “тэдний оронд тавьж”,
байр байдалд нь орсон
мэт төсөөлөх нь нөгөө
талынхаа ашиг сонирхлыг
тогтоох
энгийн арга.

Их Тамир Ахмадын Амралтын газар

Содномзундуйн Эрдэнийн Их Тамир гэдэг нь Хандгайтын аманд, ойн цоорхойд байрладаг бүлэг барилга-байгууламжууд юм. Үүнд зочид буудал, ресторан, бүжгийн танхим, спорт цогцолбор, хувийн хаузууд, ажилчдын байр (7 давхар * 2), амралтын газар зэргийг ойлгоно. Барилгажуулж амжаагүй газрын өөр эзэмшлүүд ч багтана.

“Их Тамир Ахмадын Амралтын газар” бол ашгийн төлөө үйлчилгээний газар. “Ахмадын” ба “ашгийн” гэх хоёр утгыг манай нэрт нийгмийн зүтгэлтэн, нийтлэгч – Баабар “нийгмийн даатгалын сан ба ахмадын халамжийн завхарлын” хүрээнд зөндөө тайлбарласан нь eduCase-н хүрээнээс хальсан асуудал. Ийм учраас би “амралтын” ба “үйлчилгээний” гэх утга дээр төвлөрье.

Ашиг сонирхол 1 – Орлого тогтмол бөгөөд их бол сайн

Их Тамир Ахмадын Амралтын газар бол Монголын нийгмийн даатгал, халамжийн сангийн мөнгөнүүд цутгаж байдаг газруудын нэг, бизнесийнх онцлог нь юм. Яаж цутгадаг тухай Баабар тов-тодохой өгүүлснийг энд линклэв.

Энэ газар бол бараг бүх юм нь хуулийн дагуу явдаг бизнесийн зангилаа, ээдрээтэй “бизнес схемийн” халхавч юм. Нийгмийн Хариуцлагын халхавчтай бизнес – хүн арддаа үйлчилдэг эзгүй шахуу спорт ордон, бүжгийн танхим, ахмадын халамж, сургалт арга зүйн танхимууд…

Эхний хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж буй нь. Барилгын ажилчин 110 квольтын өндөр хүчдэлд цохиулан, 6 метрийн өндрөөс унахдаа уруул нь язарч, хөл нь хугарсан гэж дуулдсан.

Хагас, бүтэнсайны өдрүүдэд АН-ы сонирхогч гишүүдээс өгсүүлээд бүх лидерүүд нь, хөөрхийс, уван цуван ирж, “улсаа хөгжүүлэх” тухай ууцгаадаг. Хотын утаанаас зугтан, Содномзундуйн Эрдэнийн утаагаар амьсгаж буй нь тэр юм. Энэ байгууламж Ардчилсан Намын жанжин штаб, улстөрийн гал тогоо мөн.

Их Тамир Амралтын газарт бизнесийн зарим зарчим бас үйлчилнэ ээ. Тэр нь үйлчлүүлэгчдийн гомдлыг барагдуулах явдал юм. Үйлчлүүлэгч цөөрвөл, орлого багасна, эцэстээ схем бүтэлгүйтэж, нүсэр – үр ашиггүй байгууламж биеэ тэтгэж дийлэхгүй болно.

Уг нь энэ уурын зуух тэдний үүдэнд байрладаг байсан юм. Уурын зуухыг өөрийн хаяанаас, миний гэрийн хаяанд шилжүүлэн барих болсон шалтгаан нь үйлчлүүлэгчдийн гомдлоос үүдэлтэй. Амрагчдын гомдлыг барагдуулах нь гарцаагүй гаргах “бизнес шийдвэр” байхаас гадна, хамгийн гол нь, “бизнес схемээ” хамгаалах ЯЗГУУР АШИГ СОНИРХОЛ байсныг төвөггүй ойлгож болно. Схем ажилахад амрагчдын хөл тасрахгүй байх ёстой, барилгууд ч дулаан байх ёстой, нийгмийн хариуцлага ч харагдах ёстой. Их Тамир Ахмадын Амралтын Газар оршин тогтнох нь хэрэгтэй.

Үйлчлүүлэгчийн гомдол

Сүүлийн жилүүдэд Их Тамир Ахмадын амралтын үйлчлүүлэгсэд үйлчилгээний чанарт гомдол мэдүүлэх болсон нь Содномзундуйн Эрдэнийн бизнесийн ашиг сонирхолд нь ноцтой заналхийлсэн. Амрагсдын урсгал татарсан. Тэдгээр гомдлуудыг дараах хэдэн зүйлээр хязгаарлая:

  • Шөнө-өдөргүй нүүрс тээвэрлэдэг машин холхилддог;
  • Үнс, тоос оволздог;
  • Үйлчилгээний чанар муу;
  • Яндангийн дуу тасардаггүй;
  • Цэнгэг агааргүй;
  • Их утаатай;
  • Бохир нь удаа дараа хальж асгарсан ба хог хаягдлын үнэр орчныг завааруулдаг;
  • Орчны үзэмж нь дорой;
  • Ажилчид нь согтуу холхидог;
  • Кочегаруудын ажиллахыг харахад нүд хальтрам бас түгшүүртэй;
  • Аваар осол гарах эрсдэлтэй

Ашиг Сонирхол 2 – Бизнес тэлэлт, үргэлжид таатай

Хүнд үед бизнесүүд ихэвчлэн хумих, таатай нөхцөлд тэлэх бодлого баримталдаг. Харин Их Тамир Ахмадын Амралтын газар тасралтгүй тэлэлтийн бодлого хэрэгжүүлсээр ирсэн. Эдийн засгийн таатай, таагүй бүх нөхцлүүдэд тэлнэ. Шинээр барилга барина, ойр орчмын айлуудыг худалдан авна.

Содномзундуйн Эрдэнийн тэлэлт, Хандгайт

Газар худалдан авалтын нэг жишээ нь Хасу Мегават компаний Хандгайт дахь эзэмшлийг, өр худалдан авах замаар авсан явдал байлаа. Хасу Мегават компани соц үеийн хуучин байгууламжийг хувьчилж аваад, үр ашигтай ажиллуулж чадаагүй юм. Голомт Банкны мэдэлд шилжсэн хөрөнгийг, Содномзундуйн Эрдэнэ өр баригчийн гараас өчнөөн тэрбумаар худалдан авсан. Худалдан авсан 100м x 30м суурьтай, 4 давхар байшинг тэр нурааж, газрын хөрснөөс арчсан. Нураахын тулд аваагүй, өөр операци хийх нь ээ?!

Хуучин уурын зуухыг нүүлгэн миний гэрийн хаяанд барих болсон нь энэ тэлэлттэй холбоотой. Содномзундуйн Эрдэнэ Хандгайтын аман дахь үй олон барилга байгууламжаа халаах илүү том, илүү хүчирхэг уурын зуухтай байх нь түүнийн өөр нэг ашиг сонирхолын илрэл юм.

Өөрт нь өч төчнөөн зай байсаар байтал, заавал миний гэрийн хажууд барьсан нь “намайг байж суухын аргагүй” болгох өөдгүй санаа байсан биш байгаа гэж бодогдох үе байна.

Шийдэгч

Аливаа хэлэлцээрийн шийдвэрийг “шийдвэр гаргагч” л гаргана. Шийдвэр гаргагчтай хэлэлцээрийн ширээнд суух нь хэлэлцээрийн чухал “бүрэлдэхүүн” юм. Харин шийдвэр гаргах чадамжгүй хүмүүсийг явуулах, сунжруулах, улдуулах, төвөгшөөх, “буруу харах” зэргийг “Хэрэм босгох” буюу “Stonewalling”-ийн нэг хэлбэр гэж тодорхойлдог. Уг нь хэлэлцэх учиртай юм.

Үл тоох бол мөн л нэг тактик – гэхдээ тактик гэхээсээ цаад талын шийдвэргүй, санаа зовсон, айсан гэх мэт төлөв байдлын илрэл байх нь элбэг. Уг нь асуудлын шийдлийг “барьж аваад”, соёлтой хэлэлцэх нь шийдвэр гаргагчид байх ёстой чухал чадваруудын нэг. Оролцогсдыг тодорхойлон, төслийн үр дагаварыг урьдчилан харж, бүх оролцогсдтой хэл амаа олохыг эрмэлзвэл сайн. Айл өрхүүд, бизнесийн байгууллагууд, орон нутгийн засаг захиргаа, хувь хүмүүс г.м. Манай дарга, улстөрчдөд өвөр хоорондынх л асуудал чухал; ард түмний (бусдын) асуудлыг ойлгож шийдэх чадвар дутмаг.

Их Тамир Амралт ба ТЭР ХҮН!

Энэ бол Содномзундуйн Эрдэнийн бизнес. Тэрээр энэ бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй, өдгөө “өөр хүмүүс аваад явдаг” гэж хэвлэлээр ярихтай хэдэнтээ таарсан. Бичиг цааснаа тэр “хамааралгүй болсон” гэхэд, хол зөрөхгүй.

Түүний хүү Э. Одбаяр ба менежер Баярсайхан гэгчтэй тус тус хоёр удаа уулзахад чухамхүү Содномзундуйн Эрдэнэ л бизнесийн гол-гол шийдвэрийг гаргадаг нь ойлгогдсон. Энэ хоёр Содномзундуйн Эрдэнэ-г дурдах тоолондоо нэр дуудахаас цээрлэж, “ТЭР ХҮН” гэж авгайлдгаас үнэмлэхүй бишрэл мэдрэгдэнэ. “Тэр хүн мэднэ, тэр хүн шийднэ, тэр хүний юу боддогийг би мэдэхгүй” гэх мэт ярина. ТЭР ХҮН! Хүндлэлийн дээд илрэл.

Шийдэгч. Тэр Хүн!

Амьдрал баян бас хоржоонтойн үлгэрийг би Содномзундуйн Эрдэнийн хүү Одбаярын жишээгээр дараа үзүүлнэ.

Бусад Оролцогсод

Уурын зуух шилжин баригдахдаа өч төчнөөн дүрэм-журам зөрчсөн. Содномзундуйн Эрдэнийн хүний эрүүл саруул ухаанаас гажсан үйлдлүүдийг хөхүүлэн дэмжсэн, нүдээ аньсан өөр оролцогсод бий. Тэр нь манай төрийн байгууллагууд юм. Би энэ байгууллагуудаас амыг нь асууж болох ч… бүх зөвшөөрлийг өгсөн улсуудаас юу шаардах билээ?! Хамтрагчид.

Орчин үед аливаа асуудлыг гуравдагч талын оролцоогүйгээр шийдэхийг эрмэлздэг болсон. Хүмүүс хэлэлцээр, ойлголцлыг илүү эрхэмлэдэг болсон цаг. Гуравдагч талыг татан оруулах нь хэлэлцээрийг сунжруулдаг, өртөг зардал өндөртэй болгодог. Би болзошгүй энэ өрнөлд бэлдэж байгаа.

Арга зүй

Хүний үг, үйлдэл, байр суур бол ашиг сонирхолын гадаргуйн илэрхийлэл юм. УИХ гишүүн, дарга, энгийн иргэн, бизнесийн байгууллага, хэний ч бай үйлдлийн язгуур нь тэдний ашиг сонирхол байна. Ийм учраас мэргэжлийн хэлэлцэгч аливаа үг, үйлдэл, байр суурь руу довтолдоггүй, харин ашиг сонирхолыг нь тодруулан ойлгохыг эрмэлздэг. Тэр ашиг сонирхолыг нь хангах хувилбаруудыг боддог. Үүнийг тогтоогоод авъя.

Би Содномзундуйн Эрдэнийн ашиг сонирхол №1, №2 дээр “төвлөрнө” (хямд эрчим хүч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж г.м). Дээр бичсэнээс Содномзундуйн Эрдэнийг буруушах өнгө ажиглагдаж болно. Энд мэргэжлийн худалдаачны гэхээсээ өөрийгээ хүндэлдэг хүний баримтлах хоёр зарчмыг хэлье. 1) Never Explain Yourself!, 2) Stand-up for yourself!

Дараачийн алхам

Ашиг сонирхлыг “тогтоох алхмыг” бэлтгэл ажлын хүрээнд хийж буй нь энэ юм. Талуудын ашиг сонирхлууд зөрчилдөх нь хэлэлцээрийн нөхцөл бүрдсэний шинж тэмдэг.

Дараачийн постоор би өөрийнхээ ашиг сонирхлыг тодруулж, бидний ашиг сонирхлууд ямар-ямар байдлаар зөрчилдөж буйг тогтоохыг оролдоно. Түүний дараа хувилбаруудыг боловсруулна. Stay tuned…

Би харилцан хүндлэл, ойлголцол, хэлэлцээрийн соёлыг сурталдаж байгаа юм. Тустай гэж үзвэл, Та үүнийг share-лээрэй

Leave a Comment