Нүүрсээр ажилдаг зуухыг зогсоов

Үнэргүй, хоргүй утаа

2019 онд Ардчилсан намын дарга, УИХ-н гишүүн, сайд асан С. Эрдэнийн Их Тамир амралтын газартай эхлүүлсэн хэрэг ийнхүү бараг шувтарч байна! Би нөлөөлж чадсан. 514 өдрийн турш гэрийнхээ хаяанаас нүүрсээр галалдаг уурын зуухыг зайлуулахаар “хэлэлцсэний” эцэст тэрхүү зуух буулаа. Өнөөдөр миний гэрийн хаяанаас 20 метрийн зайд газар булаатай 30 куб.метр саванд агуулагдах шатамхай хийгээр тэжээгддэг уурын зуухнаас үнэргүй, хоргүй утаа суунаглан буй. Юутай ч Хандгайтын амны агаар бохирдохгүй боллоо.

Өнгөц харахад нэг амин хувиа хичээгч иргэн (өөрийгээ хэлэв), дур зоргоороо аашилдаг дарга хоёрын хоорондын явцуу асуудал мэт харагдах энэ хэрэг-явдал, хамаагүй өргөн агуулгатай төдийгүй манай нийгмийн ужиг өвчнүүдийн тусгал билээ. Учир шалтгаан хайдаг хэнболовч, иргэн Энхтөрийг өөр нэг дураараа авирлагч хохироож байгаа нь манай улсад хууль дүрмээс дээгүүр амьдардаг эрх мэдэлтэй хүмүүсийн бүлэг бий болсон, харанхуй бүдүүлгээр дээрэлхдэг, хувийнхээ эрх ашгийн төлөө хэнийг ч, юуг ч шамшигдуулж болдгийн тусгалыг олж харна. Эндээс 30 жилийн хугацаанд нийгмийн, өмчийн, эрхзүйн цоо шинэ харилцаанууд бий болсныг ч харж болно.

Өөрийн эрх ашгаа хамгаалах үндсэн зорилгоос гадна, би enkhturs.com интернет хаягт тусгайлан веб хуудас байршуулж хэлэлцээр, харилцан ойлголцлын соёлыг сурталчилсан. Веб хуудсаа хийхдээ асуудлын хүрээг хумиж, контентийг энэ хэрэг явдалтай шууд хамааралтай зүйлүүдээр хязгаарлахыг эрмэлзсэн. Мөн хэлэлцээр, ойлголцлын соёлыг сонирхогч залууст сурталчилбал тустай гэж үзсэн. Ийм учраас би дээр өгүүлсэн өргөн хүрээний асуудлуудыг бараг хөндөөгүй. Хувийн асуудлаа шийдэхэд, одоо дэндүү түгээмэл болсон 1. Байгал хамгаалагч, 2. Ард түмний эрх ашгийг хамгаалагч, 3. Том даргын эсрэг боссон тэрслэгчийн дүрд орох шаардлагагүй гэж үзсэн. Тайзнаа Ардчилагчийн дүрийг бүтээдэг шилэгдмэл жүжигчин байхад би тэнд илүүднэ. Би эрх ашгаа хамгаалдаг иргэнийхээ дүрд “тоглосон”…  “чиний эрх миний хаяанд ирээд төгсөнө” гэх энэ гэнэн ч гэсэн гэгээлэг зүйлд би итгэхийг хүсдэг юм.

Зуух буусныг хэлэлцээрийн журмаар шийдсэн гэвэл өрөөсгөл болно. Учир нь зуух баригдсан цагаас өнөөг хүртэл манай улсад улстөрийн орчин өөрчлөгдсөн, “да-ялангуяа” С. Эрдэнийн дур зоргоороо аашлах боломж үлэмж доройтсон. Засаг захиргаанаас түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэрүүд ч шил шилээ даран гарсан. Иргэн Энхтөр, иргэн Эрдэнэ хоёрын хэнийх нь ч эрх ашгийг “үл хайхрах” улстөрийн хүчин хүчээ авсан ч үе тохиов. Товчдоо намайг орчин, нөхцөл түшсэн юм. Гэвч би гараа хумхин, дуугүй суусан бол нүүрсэн зуух ажилсаар байх байсан биз. Хотын захиргаа, мэргэжлийн хяналтын байгууллага, онцгой байдлын газарт гаргасан миний өргөдлүүдийн дагуу шалгасан тухай бүр Их Тамир амралтын газрыг буруутган торгож, шийтгэж байсан юм.  

Надад С. Эрдэнэтэй биечлэн уулзаж, хэлэлцээр хийх боломж гараагүй – тэр хүсээгүй юм. Харин би түүнтэй биечлэн уулзаж гарц шийдэл олохыг эрмэлзсээр байсан нь талаар өнгөрсөн. Энэ хүмүүстэй хэл амаа ололцож, ойлголцох тухай ярилтгүй болтой. Тэрээр асуудлыг дангаар шийдэхийг илүүд үзэж Дашваанжил компанитай ярилцаж, аанай л миний гэрийн хаяанаас 20 метрийн зайд газар дор шатамхай хийн агуулах барив. Ёстой нэг…!

Хэлэлцээрийн “ухаанд” харилцан ойлголцол, хүндлэл, буулт, зөвшөлцлийг эрхэмлэдэг. Хэрэв талууд хэлэлцээрээр тохиролцоонд хүрч чадахгүй бол гуравдагч этгээдэд хандахаас өөр аргагүй болдог. Төрт улсад тэр этгээдийг шүүх гэнэ. Түүнтэй хэлэлцэх боломжоо шавхасны дараа би асуудлыг шийдүүлэхээр шүүхэд хандсан. Харин тэд шүүхийн дуудлагыг зүгээр л авдаггүй юм байна. Хийн зуух барьсан Дашваанжил компанийг ч одоо мөрдөгдөж буй норм стандартыг зөрчсөн хэмээн буруутгаж шүүхэд өгсөн. Энэ хоёр байгууллагад шинээр барих уурын зуухаа миний хаяанаас холдуулан байгуулах боломж байсаар атал дахиад миний гэрийн хаяанд хэзээ идэвхижих нь тодорхойгүй цагийн механизмтай бөмбөг байршуулсанд би эгдүүцэж байна. С. Эрдэнийн гэрийн хаяанд яагаад наадхаа барихгүй байгаа юм бэ? Аюултай санагдаж байна уу? Тайван унтмаар байна уу?

Надад учирсан хохирол их тул би асуудлыг шүүхээр нааштайгаар шийдүүлэх орон зай ямар болохыг судалсан. Их Тамир ба Дашваанжил компаний үйл ажиллагаа нь хүлийн хүрээн хүрээнд зөвшөөрөгсөн эсэхийг судлуулахаар, зөвхөн энэ хэрэг дээр ажиллах хүн хөлслөн ажиллуулсны хэрэг гарч байна. Орон зай байдаг юм байна. Учир нь тэдний үйл ажиллагаа олон зүйлээр хууль, дүрэм, журмыг зөрчсөн болтой. Бүтэн цагаар ажилласан энэ хүн тус хоёр байгууллага хууль, дүрмийг олон зүйл заалтаар хууль зөрчсөн тухай ярьсаар байна. Тийм эсэхийг шүүхээр л шийдүүлнэ дээ.

Би харилцан хүндлэл, ойлголцол, хэлэлцээрийн соёлыг сурталдаж байгаа юм. Тустай гэж үзвэл, Та үүнийг share-лээрэй