Эхний уулзалт. Содномзундуйн Эрдэнийн талд оров

Ингээд би Баярсайхан гэгчтэй Гэгээнтэн хотхоны TomNToms кофе шопд анх удаа уулзлаа. Уулзалтаас өмнө, би бэлтгэл ажлынхаа хүрээнд “Ашиг сонирхлын карт”-тай болж амжсан байв.

Баярсайхан нь ямар янзын хүн бэ

Даалгасан ажлыг бүтээх овсгоотой, эзэнд үнэнчээ олонтоо харуулж, итгэлийг нь олж авсан хүмүүс байдаг даа. Баярсайхан нь Содномзундуйн Эрдэнийн хувьд тийм “найдвартай” хүмүүсийнх нь нэг. Ийм хүмүүс ологч, хөөцөлдөгч, нүүр тахлагч, зохицуулагчийн давхар үүрэгтэй байх нь элбэг. Гэхдээ худалдан авах, хөрөнгө оруулах зэрэг төгрөг-мөнгөний шийдвэр гаргах эрх мэдлээс нэг алхамын зайд байна, эзэн нь ойртуулахгүй шүү дээ. Ийм эрх мэдэл зөвхөн ойрын хүмүүсийн “битүү тойрогт” байна. Арав гаруй жил морь-нохой мэт зүтгэсэн энэ хүнийг, цаадуул ойрын хүрээлэлдээ оруулахгүй дээ гэж би бодож байлаа.

Хаалгач Баярсайхан

Баярсайхан мэтийн хүмүүсийг, худалдаачид “Хаалгач” гэдэг, англиар Gatekeeper. Хаантай уулзахын өмнө хаалгачтай тулна, гарцаагүй чухал даваа. Шийдвэр гаргагчтай уулзахын тулд эднээр дамжихаас өөр замгүй. Хоточ нохой, манаач, туслах мэтийг бас энэ ангилалд багтаана.

Угтаа, Содномзундуйн Эрдэнийн эзэмшилд, өөрөөс нь өөр шийдвэр гаргагч огтоос үгүй билээ. Захирлууд, менежерүүд бий гэвч тэдэнд толгой мэдэн “сэтэрхий тэвнэ” шийдэн зарцуулах эрх үгүй. Эд бол “эрхгүй эрх мэдэлтнүүд” юм. Худалдаачид энэ хүмүүсийг “Дүр үзүүлэгч” ангилалд багтаана, англиар Figurehead гэнэ. Мөн чанар нь бас л “Хаалгач”, дамжуулагч бас дохио өгөгч төдий.

Хаалгач ба Нөлөөлөгч Баярсайхан (Gatekeeper and Influencer)

Хандгайтын арын нэг нүцгэн уулын орой руу огцом өөд тавьсан явган шат бий. Тэр шат Эрдэнээс, аав Содномзундуйн гэгээн дурсгалд босгосон хөшөө рүү хөтөлнө.

Эрдэнэ энэ газар-оронд зүрх сэтгэлээ өгөх  болсон нь түүний аав Содномзундуй гуай амьд сэрүүндээ, Хандгайтад “үйл ажиллагаа” явуулж байсантай холбоотой гэж би боддог. Эрдэнийн дурсамж, “Ахмадыг Халамжлах” бизнес санаатай нийлж, “Их Тамир Ахмадын Амралтын Газар” бий болсон. Гэгээнээр дурсуулах…

Тээр жил хоёр муу монгол гэрээр эхэлсэн Содномзундуйн Эрдэнийн бизнес өдгөө олон арван барилга, байгууламжтай “лунагар амьтан” болсон. Миний гэрээс 30 тохой зайд баригдсан нүүрсэн уурын зуух Их Тамир Ахмадын Амралтын Газрыг тэр чигт нь халаадаг юм. Баярсайхан энэ бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон гүйцэлдүүлэлцсэн хүн. Энэ гавъяагаараа тэр Содномзундуйн Эрдэнэтэй цаг аван уулзах, хэдий жингүй ч санал бодлоо хэлэх эрхийг олж авсан хүн.

Эзэнд саналаа хэлэх эрхтэй, шийдвэрт бага ч болов нөлөөлж чадах хүмүүсийг бид “Нөлөөлөгч” гэдэг, англиар Influencer.

Баярсайхан хар бор ажлуудыг яаж гүйцэтгэхийг дангаар, үл маргах журмаар шийдэх эрх мэдэл ба нөлөөтэй хүн гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ ажлууд бол Содномзундуйн Эрдэнийн хэзээ ч “гараа дүрэхгүй” тийм төрлийн ажлууд. Шон хаана хатгах уу, муу усны нүх хаана ухах зэрэгт Баярсайханы амыг харахаас өөр аргагүй. Энэ мэтэд тэр абсолют “эрх мэдэлтэй”, абсолют нөлөөтэй.

Баярсайханы эзнээ хүндлэх сэтгэл бас “абсолют”. Нэрийг дуудахаас цээрлэж, “Тэр Хүн” гэж ярих нь Содномзундуйн Эрдэнэд ямар агуу бишрэлтэйг нь харуулна.

Уулзалт

Асуудал “Тэр Хүнтэй” (Decision Maker) уулзахаас нааш шийдэгдэхгүйг би ойлгож байсан. Гэвч Баярсайхантай уулзах эхний алхам ч амаргүй ажил байлаа. Энэ уулзалт хоёр удаагийн цуцлалтын, арваад удаагийн залгалтын үр дүнд бүтсэн.

Бид “Их Тамир Ахмадын Амралтын Газрын” түүх, саяхан бохир нь хальж асгарсан нь согтуурсан жолооч ажилдаа ирээгүйтэй холбоотой тухай, тэд ямар лут Нийгмийн Хариуцлагатай байгууллага болох талаар жаал ярилцсаны эцэст, би эхний асуултаа тавьсан юм.

“Нүүрсэн уурын зуухыг миний гэрийн хаяанаас 30 тохой зайд барих онцгой шалтгаан байсан байх. Та надад тайлбарлаж өгөөч” гэв. Тэрээр Их Тамир Ахмадын Амралтын Газрын буюу Содномзундуйн Эрдэнийн байр суурь, ашиг сонирхолыг ярьж өгсөн нь миний Бэлтгэл Ажлын хүрээнд хийсэн бүх таамгуудтай яв цав тохирч байв. Урьдчилан бэлдсэн учраас би Содномзундуйн Эрдэнийн ашиг сонирхол, байр суурийг Баярсайханаас дутуугүй, за, бараг илүү гүн гүнзгий ойлгож байсан юм.

Өөрийгээ “дотор нь орсон” мэт төсөөлж явсан учраас би Баярсайханы хэлсэн үгнүүдийн нэгийг ч эсэргүүцээгүйгээр барахгүй, “хэрэв би танай оронд байсан бол яг ингэх байсан шүү” гэж ТЭДНИЙ ТАЛД ОРСОН юм. “Уг нь та нар манай тухай жаахан бодсон бол зүгээр байж дээ” гэж нэмж хэлэв. Энэ бол миний зүгээс хийсэн эргэлтийн шинж чанартай, шийдвэрлэх “цохилт” байсан юм.

Би өөрийнхээ байр суурийг тулгаагүй, тэднээс юу ч гуйгаагүй, тэдний ганц ч үйлдлийг буруушаагаагүйгээр барахгүй “асуудлыг хамтран шийдье”, “танай нөхцөл байдлыг ойлгож байна” гэх мэтээр ярьсан нь Баярсайханы бүх хүлээлтийг няцаасан юм. Түүний яриаг би “тийм”, “зөв”, “аргагүй” гэх мэтээр хөхүүлэн дэмжиж байлаа. Нэгэнт “тэдний талд орсон” учир, тэр одоо өөрийгээ хамгаалж, надтай маргах, цэц булаалдах шаардлагагүй болов.

Би бол мэргэжлийн худалдаачин билээ. Бид хүч хэрэглэдэггүй, тулгадаггүй, буруушаадаггүй. Бид сонсох ёстой үгээ цаад талын хүнээр өөрөөр нь хэлүүлдэг юм. Энэ бол “өөрөөр нь өргөдөл өгүүлэхээс” өөр болохыг анзаарна уу.

Уулзалтын эцэст тэрээр “Энхтөр өө, чамайг би ойлгохын дээдээр ойлгож байна. Гэвч би бол шийдвэр гаргах эрх мэдэлгүй хүн шүү дээ. Бүгдийг “Тэр Хүн” шийднэ. Юу ч гэсэн танай байшинг би өөрийн биеэр очиж үзье. Тэрний дараа “Тэр хүн” эсвэл “Өөр нэг хүн” чамтай уулзах байх. Танай нөхцөл байдлыг би тэдэнд дамжуулъя” гэв.

Баярсайхан бид хоёр ОЙЛГОЛЦОВ. Би түүний талд, тэр миний талд оров. Би энэ уулзалтыг дэвшүүлсэн дэд-зорилтынхоо хүрээнд “амжилттай болсон” гэж үзсэн. Гэвч “Тэр Хүнтэй” хэлэлцээрийн ширээнд суутал би “Өөр Нэг Хүнтэй” уулзах нь. Шатаар алхаж оргилд хүрнэ.

Дараачийн Пост

Дараа дараачийн бичвэрүүдээр би Баярсайхан манайд зочилсон тухай, “Өөр Нэг Хүн” нь хэн болох тухай оруулна.

Арга зүй

Бэлдэх. Өөрийнхээ болоод нөгөөхийн ашиг сонирхолыг ойлгох. Том зурагтай болох. Зорилт, зорилготой байх. Бүү эсэргүүц, бүү буруушаа. Тэдний талд ор. Сонс. Өөрөөр нь хэлүүл.

Би харилцан хүндлэл, ойлголцол, хэлэлцээрийн соёлыг сурталдаж байгаа юм. Тустай гэж үзвэл, Та үүнийг share-лээрэй

14 thoughts on “Эхний уулзалт. Содномзундуйн Эрдэнийн талд оров”

Leave a Comment