Миний ашиг сонирхол. Сондномзудуйн Эрдэнийн Чихэн Дээр Цэцэг Ургуулах.

Эхнэр гоё мэдээтэй, гэртээ. Нөхөр бас зүгээргүй, гоё мэдээтэй ирэв. Хосууд нэгдмэл ашиг сонирхолтой. Яриа эхлэв…

Нөхөр: Хэдүүлээ гэр орноо цэвэрхэн байлгацгаая

Эхнэр: Юу гэнээ?

Нөхөр: Ааа, би гэр цэвэрхэн бол сайхан шүү л гэсэн юм

Эхнэр: Юуу гэнээ?? Чи ер нь ганц удаа хог бариад гарч үзсэн үү? Би хувцас хунар, аяга таваг, хоол унд… дэлгүүр хоршоо. Энэ гэр орныг ер нь хэн авч явааг чи боддог уу? Нэг л том амьтан!   

Нөхөр: Хэн чамайг тэгээгүй гэсийн?

Эхнэр: Сарын өмнө чи яалаа?! Найзууд чинь шавхайтай гутлаараа үүдний өрөөг завааруулсан… баахан хар юмнууд дагуулж ирсний дараахыг хэн цэвэрлэсэн? Өөрөө согтуу! Ууснаа ч шингээж чадахгүй хэвтэж!

Нөхөр: Чи ер нь юу гэх гээд байгаа юм бэ? Энэ айлд хэдэн цаас авчирч байгаа нь хэн юм бэ? Нэг бол би ажлаасаа гаръя, чи тэр мөнгө цаасаа ол!  

Хорвоо хөмрөв, хоолой зангирав, нүд харанхуйлав, эхнэр өрөөгөө чиглэв, хаалга хаагдав. Гол харлав, гоё мэдээгээ дуулгаж амжсангүй ээ, нөхөр. “Амьдрал яагаад ийм юм бэ” хэмээн гомдоцгоов, хоюул, хаа нэгтээ, тус-тусдаа. Хохирч хоцорцгоов. Гашуун…

Хэмжээ хүрээ нь л өөр болохоос, ойрх дорнодын дайн, үндэстэн хоорондын мөргөлдөөн, Монгол ба уул-уурхайн компани хоорондын зөрөлдөөн нь дээрх хосуудынх шиг хатуу байр сууринаас (үүдэлтэй гэж би үздэг. Ер нь талхчин гуталчин хоёрын дунд ямар зөрчил байна? Эцэс төгсгөлгүй буруутгана, нөгөөх нь эсэргүүцнэ. Хүмүүс бид ашиг сонирхлууд дээрээ төвлөрхөөсөө өмнө, нугарашгүй-хөшүүн, дийлдэшгүй болдог нь гайтай. Зарим нь үл тооно, зарим нь мэхлэнэ бас зайлсхийнэ. Энэ мэт байр суурь, үл хүндлэлийн хохиролыг тоймлохын эцэсгүй. Ийм учраас ойлголцол, харилцан хүндлэл, сийрэг толгой чухал – энэ бол хэлэлцээрийн ухааны хэрэгжилт юм.

Уг нь энэ үдэш, хүүхдүүд инээлдэж, хосууд “гал гаргах” ёстой байлаа.

Худалдаачин хүн хэн нэгэнд ямар нэгэн асуудлыг шийдэхэд нь туслах, ямар нэг зүтгэлд нь дэмнэх, аль нэг ашиг сонирхолыг нь хангах замаар өөрийн зорилгоо гүйцэлдүүлдэг. Өндөр мэргэжлийн худалдаачин ердийн win-win-нд цадахгүй ээ, тэр “чихэн дээр нь цэцэг ургуулдаг”, тэр бас сонсдог. Үүнийг Expand Pie гэнэ. Худалдаачин хүн шийдэл эрэлхийлэх явцдаа, “ялах ба ялагдахаас” хавьгүй дээр, хамаагүй хүмүүнлэг өөр олон нуугдмал боломжуудыг нөгөө талтайгаа хамтарч, уудлан гаргаж ирдэг, санал болгодог. Учир нь, аливаа харилцаа хязгааргүй (infinite) олон боломжтой, нээх л хэрэгтэй.

“The world is everything that is the case.”

Wittgenstein

Хэлэлцээрийн мехнизм нь энэ боломжуудыг тодруулах, ярилцах, ойлголцох юм. Хамтран эрэлхийлэх. Талуудын ашиг сонирхолыг дээд зэргээр хангах тэрхүү тохиролцоонд хүрэх нь хэлэлцээрт оролцогсдын чармайлтаас хамаарна, энэ бол зорилго нь. Хэлэлцвэл хожлоос ч том үр дүн гарч болно – “цэцэг дэлгэрнэ”.

Найз нөхөд, бизнес, улстөр, хүн хоорондын харилцааны бүх талбарт ялихгүй асуудал ямааны гарзтай болтлоо хурцдах нь даан ч олон. Ярилцах хэрэгтэй.

Би Содномзундуйн Эрдэнийн чихэн дээр цэцэг ургуулна. Энэ цэцгийг би хоёр талын ашиг сонирхлыг дээд зэргээр хангах тийм шийдлийг эрэлхийлэх замаар, Содномзундуйн Эрдэнэтэй хамтран дэлбээлүүлнэ. Та надад асуудлаа ярь, би сонсоё. Боломжуудаа хэлэлцье. Би бас хэлье. Шийдэл байх нь гарцаагүй. Эхлээд Та, дараа нь би.

Миний ашиг сонирхол

Миний хүүхдүүд, миний эхнэр. Бидний хөлс хүчээрээ бий болгосон өмч, өмчийн эрх. Товчдоо, надад цор ганц ашиг сонирхол бий. Тэр нь миний гэр бүл. Би бол ариун зорилготой нэгэн, худалдаачин хүн.

Хөдөлмөрлөхөөс өөрөөр амьдрах аргыг мэддэггүй бидэн шиг хүмүүст, дуслуулсан хөлс, хичээсэн зүтгэл нь нэн эрхэм. Үүн рүү минь халдахад цээжнээ хилэн бадарч, хорсол-тэмцлийн галаар тургимаар санагдана. Үүнийг, тоомжиргүй нэгний “угаасан шалан дээр, шавхайтай туучихаас” төрдөг зэвүүцлийг, 10-н зэрэгт дэвшүүлэхтэй жишнэ! Харин, худалдаачин хүн мэдрэмж, сэтгэл хөдлөлөөс ангижирч, талуудын ашиг сонирхол дээр төвлөрхийг эрмэлздэг юм. Маргааныг ойлголцол, сөргөлдөөнийг хамтын шийдэл болгох тухай юм. Би сэтгэл хөдлөлийг тэвчиж, талуудын ашиг сонирхлууд дээр сийрэг ухаанаар төвлөрхийг хичээнэ.

Утаагүй, эрүүл-аюулгүй орчинд амьдрах, байшингийнхаа зах зээлийн үнийг хамгаалах зэрэг нь миний байр суурь юм. Байшин ч мөн миний байр суурь. Байр суурь ямагт хатуу, ямагт бодит, нугарашгүй байдаг учраас хэлэлцээрт авч орох зүйл биш. Уурын зуух бол Содномзундуйн Эрдэнийн байр суурь, гэхдээ энэ бол түүний ашиг сонирхол биш.

Арга зүй

“Байр суурь” гэдгийг ашиг сонирхолоос тусгаарлан авч үзнэ. Эдгээр нь тусдаа; заримдаа харилцан хамааралтай, заримдаа хамааралгүй оршин байдаг. Худалдаачин хүн байр суурь эзлэхээс татгалзана.

Сийрэг ухаантай байх нь хэлэлцээрт орохын өмнө тавигддаг үндсэн шаардлага. Сэтгэл хөдлөл ухааныг балартуулна. Ийм учраас зөвхөн ашиг сонирхол дээр төвлөрнө, боломжит хувилбаруудыг эрэлхийлнэ, шийдэл боловсруулна. Цаадуултайгаа ярилцана, сонсоно. Ийм хандлагатай хүнд хүчлэх, зангирах, мэхлэх шаардлага үгүй. Биеэ өмөөрч, өөрийнхээ байр суурийг хамгаалж эсэргүүцэх нь хүчинд автаж буйн илрэл, зорьсон үр дүнд хүргэхгүй. Ийм учраас байр сууриас татгалзах учиртай юм. “Мэхэнд үлдэцтэй, унаа холтой – биеэ сайхан суллалдаг бөхдөө” гэдэг шиг “сул” бай.

Дараачийн алхам

Энэ постоор би өөрийнхээ ашиг сонирхолыг тогтоолоо. Өмнөх постоор би Содномзундуйн Эрдэнийн ашиг сонирхлыг тогтоох гэж оролдсон. Бусдыг ойлгох, зөвшөөрөх, ашиг сонирхлыг нь тодорхойлох гэдэг угаас амаргүй даваа. Алдах нь их. Гэвч урагшилна, явцын дунд тодроно… би ердөө л бэлтгэл үедээ яваа.

Дараагийн постоор би Содномзундуйн Эрдэнийн ашиг сонирхол ба өөрийнхээ ашиг сонирхолыг зэрэгцүүлэн харж, холбоосуудыг олохыг хичээнэ. Түүний дараа хувилбаруудаа бодно. Stay tuned…

Би харилцан хүндлэл, ойлголцол, хэлэлцээрийн соёлыг сурталдаж байгаа юм. Тустай гэж үзвэл, Та үүнийг share-лээрэй

7 thoughts on “Миний ашиг сонирхол. Сондномзудуйн Эрдэнийн Чихэн Дээр Цэцэг Ургуулах.”

Leave a Comment