Уулзалт 3. Элийрээд Алга Болов

Дараачийн уулзалт 12-р сарын 18-ны өдөр Эрдэнийн хүү Одбаяртай Ардчилсан Намын байрны 3 давхарын нэг шар айрагны газарт тохиов. Шийдэл нэгэнт ойртсон гэж үзсэн учраас, би түүнийг шар айраг уухаар урьсан юм.

Шонхор Тауэр. Энд Ардчилсан Намын Штааб байдаг гэж ойлгов.

Өмнөх уулзалтаар бид, асуудлыг Одбаяр “бүрэн эрхийнхээ хүрээнд” шийдэх, талуудын ашиг сонирхол хоюул хангагдах ёстой гэх “Ойлголцолд” хүрсэн. Миний зүгээс “боломжийн” гэж үзсэн шийдлийг хэрэгжүүлэхээр тохиролцоод салцгаасан билээ.

Уулзалтын эхэнд тэрээр “энэ асуудлыг би бүрэн мэдэхгүй, компаний улсуудтай ярих ёстой. ‘Тэр хүн’ юу гэж бодож байгааг би мэдэхгүй” зэргээр хариуцлагыг өөр хүн рүү чиглүүлэв. Байдал бишдэв. Харин хэдэн цаг өөр сэдвээр ярилцсаны эцэст тэрээр “Энэ асуудлыг би яаж ч байсан шийднэ. Би иймэрхүү асуудлыг шийдсээр ирсэн. Компаний улсуудтай ярилцсан ч тэд чимээгүй байсаар байна. Би нэг хэлсэн бол хэлсэндээ хүрдэг хүн, энэ асуудлыг заавал шийднэ” гэх мэт зөрчилтэй, барьцгүй, хачин-хачин юм ярьсан юм.

Уулзалтын 90 хувьд бид Ардчилал, улсаа хөгжүүлэх тухай ярилцав. Энэ ярианаас би Одбаяр нь 12 жилийн тэртээгээс улстөрийн амьдралд хөл тавьсан – ЗОН гэгч нэг намтай, Жангар гэгч хүүхэлдэйн кино үйлдвэрлэсэн тухай нь олж мэдэв. Яг энэ үед түүний Байгалийн Түүхийн Музейг хамгаалах тэмцэл “ялагдал” хүлээгээд байсан юм. Тэмцлийн явцдаа цагдаад баригдаж, жуликт хэдэн цаг суусан нь түүний хувьд чухал гавъяа байсан нь дамжиггүй. Ер нь тэмцэгчийн хувьд олон нийтийн анхаарлыг татхуйц сенсааци дэгдээх, чадвал цагдаад баригдах боломж нь Тэмцлийн Агуулгаас нь илүү чухал байх нь бий. Музей хамгаалах сэдэв олон нийтийг донсолгохуйц сэдэв байгаагүй нь нотлогдсон…

Одбаяр, надтай 10 жилийн сургуулийн нөгөө ангид цуг сурч байсан “Элийрэгч” гэх эмэгтэйгээс бусад бүх 70-аад оныхныг нийгмийн ба улстөрийн идэвхигүй хүмүүс гэж үздэг нэгэн аж. Аав Содномзундуйн Эрднэнээс өөр нэг үлгэр дууриал нь орчин цагийн “Элийрэгч” болж таарав. Юутай ч Одбаяр Элийрэгчийг ихэд хүндэлдэг нь ярианаас мэдрэгдэж байв. Ер нь бол Уянга шүү.

Энэ уулзалтаас хойш 60 хоног өнгөрсөн ч, би түүнтэй дахин холбогдож чадаагүй л явна.

Арга зүй

Эхэндээ “Шийдвэр Гаргагч” лугаа аяглаад, шийдвэр гаргах мөчид хариуцлагыг өөр хүмүүс рүү чиглүүлэх нь түгээмэл үзэгдэл билээ. Худалдаачид үүнийг “Мэхлэлт” гэдэг… ардын дунд “Мурилт” гэдэг нь энэ тохиолдолд илүү оносон, илүү ойлгомжтой нэр юм.

Харилцагчийн бүх араншингаас таньж мэдэхэд хамгийн төвөгтэй нь “Мэхлэлт”. Мэхлэлтийг таних шалгарсан арга үгүй ч, сэжиг төрсөн үед жаахан удаан ойлгоцтой, дүлий дүмбэ царайлах хэрэгтэй байдаг юм. Ж-нь: “Мөнгийг чинь 10 дахин үржүүлж өгнө” гэхэд нь “Аан, би сайн ойлгохгүй байна. Ингэхэд банкны хүү чинь мөнгийг хэд дахин үржүүлдэг билээ?” ч гэдэг юм уу. Иймэрхүү “мулгуу” асуултуудад мэхлэгч ихэвчлэн амархан “улайдаг” юм.

Би дүлий дүмбэ царайлж улайлгахын оронд, мэхэнд нь унасан. Ганц асуулт асуухын оронд “Ард түмний тавагтай хоол руу өнгийсэн хаан өөдөлдөггүй” гэх Макиавеллийн үгийг иш татан улстөрийн ухаанаа гайхуулсан юм. Тэнэг гэдэг нь тэр байхгүй юу!

Хэлэлцэх гэж буй бол, шийдвэр гаргагчаас өөр хүмүүстэй яриа хийх хэрэггүй.

Оролцоо/дадлага

Хэлэлцээрийн зарчмуудыг сахиж, үзэл санааг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлснээр хэлэлцээрийн урлагт суралцдаг. Хэлэлцээр нь ажиглан хардаг үзмэр биш харин өөрийн биеэр оролцдог үйл явц юм. Ийм учраас эрхэм уншигч та, eduCase-д оруулсан нөхцөл, үйл явдлуудыг өөрийнхээрээ дүгнэж, “Хэрэв би байсан бол …” гэж эргэцүүлэн бодоорой, бодол санаагаа надтай хуваалцаарай (Facebook, Twitter). Энэ нь таны дасгал болог.

Дараачийн пост

Дараачийн постоор би Авлигатай Тэмцэх газарт гомдол гаргасан тухайгаа оруулна. Stay Tuned…

Би харилцан хүндлэл, ойлголцол, хэлэлцээрийн соёлыг сурталдаж байгаа юм. Тустай гэж үзвэл, Та үүнийг share-лээрэй