“Ашиг сонирхлын карт”

Дайралтыг хамгаална, буруушаалтыг эсэргүүцнэ, хүчний эсрэг бүр их хүч сөрүүлэн тавина. Хэсэг хугацааны дараа, доромжлолд бүр хүчтэй доромжлолоор хариу барина; “буу шийдэм” барин босно.

Өөрийгээ хамгаалах нь амьтны зөн юм. Ардчилсан нийгэмд, зөн совиндоо хэт хөтлөгдсөн хүн, бүр увайгүй, бүр хорлонтой, бүр хүчирхэг болохын төлөө тэмцэнэ – эцэстээ бид зөнгөөрөө амьтан болцгооно…. Тийм байх албагүй.

Манай нийгэм хэлэлцээр, ойлголцол, харилцан хүндлэлийг зөвшөөрдөггүй. Алаад өг, шүүхдээч, тэмцээч, гутаагаач гэх нь ч тэр; чи “дийлэхгүй ээ, чи яаж ч чадахгүй” гэж хэлэх хүмүүсийн нотолгоо ч тэр манай нийгэм ойлголцол бус – эрх мэдэл, хүчирхийлэл, увайгүй зан авирт илүү итгэдэг болсныг харуулна. Үүнд шалтгаан бий. Бидний замнал, бидний ухамсар, амьтанлаг соёл…

Чимээгүй хүлцэх, хүч хэрэглэн ялалтад шуналтах хоёрын тэг дунд – дундын замнал бий. Тэр нь ойлголцол, харилцан хүндлэлийн замнал юм. Үүнийг хэлэлцээр гэнэ, хүч үл хэрэглэх арга.

Худалдаачин хүн зөн совинд автахгүй байхыг хичээдэг. Тэрээр өөрийгээ бусдын оронд тавьж, ашиг сонирхолыг нь ойлгохыг оролдоно. Цаад талынхаа “дотор нь орсон” мэт сэтгэвэл, түүний ямар ч бүдүүлэг үг-үйлдэл утга төгөлдөр бас ойлгомжтой болно. Ойлголцлыг эрхэмлэх “төлөвт орсон” ийм хүнд, өөрийгээ хүчлэн тэвчих шаардлага үгүй болно. Тэр тэвчих биш бодно, ашиг сонирхолын хүснэгт гаргаж, нөхцөл байдлыг бодитойгоор үнэлэхийг хичээнэ.

Өмнөх хоёр постоор би 1) Содномзундуйн Эрдэнийн ба 2) өөрийнхээ ашиг сонирхолыг “тодруулсан” билээ. Дорх хүснэгтээр тэр ашиг сонирхлуудыг, хос баганд зэрэгцүүлэн тавьж харцгаая, нэгтгэн дүгнэх гэж оролдъё.

Бэлтгэл ажлын хүснэгтийг татаж авах (хоосон ба бөглөсөн хувилбарууд бий)

Дутуу бөглөсөн дээрх хүснэгтийн “Ашиг сонирхол” мөрнөөс, Содномзундуйн Эрдэнэ ба Энхтөр хоёрын дунд ашиг сонирхолын шууд зөрчил үгүй нь харагдана. “Гэр бүлийнхээ сайн сайхны төлөө” яваа миний ашиг сонирхол, түүний “Тасралтгүй орлого олох”, “Бизнесээ тэлэх” ашиг сонирхолд хөндөлссөн явдал үгүй. Би түүний ашиг сонирхлыг ойлгож байна гэж бодном. Уншигч та надад санал, зөвлөмжөө өгөөрэй.

Байр суурийн тухайтад Содномзундуйн Эрдэнэ өнөөг хүртэл хатуурхсаар… Тэрээр хатуу байр сууриа өөрчлөхийг оролдохгүй бол би хохирно, тэр ч хохирч мэднэ. Тэр намайг хүн чинээ тоовол сайнсан, учир нь, миний “байр суурь/зарчим” бол тохиролцох юм.

Миний ашиг сонирхолыг авч үзэхгүйгээр өөрийнх нь ашиг сонирхол бүрэн-дүүрэн хангагдахгүй байж болохыг түүнд ойлгуулах нь хэлэлцээрийн тактикийн нэг хэсэг. Тэр ойлговол, бид тохиролцоонд хүрч чадна. Би итгэж байна

Дараачийн пост

Дараачийн постуудаар би “Ашиг сонирхлын картыг” гүйцээн бөглөнө, бүрэн нөхөгдсөн цагт “Бэлтгэл” ажил дууссан гэж үзнэ. Мөн өнөөг хүртэл тэднийтэй хийсэн хэлэлцээрүүдийн тухай өгүүлж, хэлэлцээрт ашигладаг арга техникуудийн талаар дэлгэрүүлэн бичнэ.

Би харилцан хүндлэл, ойлголцол, хэлэлцээрийн соёлыг сурталдаж байгаа юм. Тустай гэж үзвэл, Та үүнийг share-лээрэй

1 thought on ““Ашиг сонирхлын карт””

Leave a Comment