Миний Гэр Бүл

Өдгөө Туяарах гоо сайхны газар хэмээн танигдсан, “тэргүүний үйлчилгээний” байгууллагыг миний эхнэр Туяа үүсгэн байгуулсан юм. Тэрээр сүүлийн 20 жил мэргэжилдээ үнэнчээр эцэж цуцатлаа хөдөлмөрлөсөн. Одоо хамтрагчийнхаа хамт 100 гаруй охид-хөвгүүдэд цалин тавьдаг ажил олгогч болсон.

Найман цаг хөл дээрээ зогсож, бусдад үйлчлэхдээ яаж ч ядарсан ямагт мишээл тодруулж явдаг нь энэ эмэгтэйн бизнесийн нууц юм. 20 гаруй жил ханилахдаа энэ чанарыг би сурч хүчрээгүй, төрмөл болтой. Үйлчилгээний гэлтгүй ямар ч бизнес эрхэлдэг хүн, Та мишээж яваарай.

Явцуу хүрээнд авч үзвэл бидний түүх амжилтын гэхээсээ нэг гэр бүлийн амьдралын түүх юм. Өргөн хүрээнд үзвэл монголд өрнөсөн ардчилал, чөлөөт эдийн засаг, хувь хүмүүсийн хичээл зүтгэлийн түүх юм. Бид бол мянга мянган өрхийн нүүр бардам төлөөлөл болж чадах улсууд.

Эхнэр маань 3-р хорооллын 18-р байрны 1 давхрын цахилгаан үзелийн өрөөнд үс засдаг байлаа. Хэд хэдэн удаа үсээ засуулж, нүүр хагарч танилцаж аваад нэг өдөр би түүнд оройн хоолонд орох санал тавьсан юм. Ургаагүй үсээ ойр-ойрхон засуулах гэж дайраад байгаа миний санааг тэр ойлгосон байсан. Хэдхэн хоногийн дотор бидний дунд учир ургаж, би түүний түрээсийн нэг өрөө байранд чемдаанаа барьж нэгмөсөн очсон юм. Тэр өдрөөс хойш бид хоёр салаагүй. Эр хүн шийдсэн бол бодсондоо, хэлсэн бол үгэндээ байх ёстой гэж би үдэг. Гэр бүлийн харилцаа үүсгэхдээ нөгөөхөө сайтар судлах, таарч тохирох эсэхээ он дамнуулан үерхэж шийдвэр гаргах ёстой гэдэгтэй ч би санал нийлдэг. Гэвч бид тэгээгүй. Хувь заяа миний өөдөөс мишээсэн юм.

Туяа бид хоёрыг мэдэх хүмүүс “Танай эхнэр үргэлж жаргалтай байдаг нь чамтай хамаатай байх аа” гэдэг. Би нээрээ тийм байх гэж өөрийгээ “эхнэртээ жаргал бэлэглэгч” хэмээн итгэж явсан нь залуугийн явдал. Харин цагийн уртад “миний эхнэр бусдаас биш өөрөөсөө жаргал ундруулж явдаг ховорхон хүн юм” гэдгийг би ойлгосон юм. Хүн бусдаас биш өөрөө өөрөөсөө аз жаргалыг олбол аз жаргал үл хамаарах, дуусашгүй шинж чанартай болдог болтой. Аз жаргалыг бусдаас биш өөрөөсөө ундруул.

Нэг өрөө байранд газраар унтдаг байсан хоёр хүүхэд өөрсдийнхээ чинээнд өөдөлсөн. Одоо Ривер гарден хотхон ба хандгайтын аманд хувийн сууцтай, тус тусын машинтай, дор дороо хөдөлмөрлөж байна. Хоёр багыгаа төлбөртэй хувийн сургуульд өгсөн, том охиноо нөхөрт гаргасан. Бидэнд хүлээх үүрэг-хариуцлага, хамгаалах өмч байна!

Содномзундуйн Эрдэнийн уурын уурын зуух бидний амар амгаланг эвдэж, төвөг болж байгаа юм. Ардчилсан намын даргад, энгийн иргэн би Ардчилалын зарчим, өмч, зах зээл, үнэ ханш, эрх чөлөө, зөвшилцөл, ойлголцол, хэлэлцээрийн талаар ярих болсон нь ховор тохиох ГАЙХАМШИГ юм! Би Содномзундуйн Эрдэнэтэй хэл амаа ололцож чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Би харилцан хүндлэл, ойлголцол, хэлэлцээрийн соёлыг сурталдаж байгаа юм. Тустай гэж үзвэл, Та үүнийг share-лээрэй

7 thoughts on “Миний Гэр Бүл”

Leave a Comment