Эхний өдөр, насан туршийн дадал

Budweiser шар айрагны газраас гарахад гадаа ч харанхуй, дотор ч харанхуй. Ярилцлагад өгсөн даалгаварыг биелүүлж чадаагүйн дээр өөрийгээ “ямар ч хэрэггүй амьтан” гэдгээ 1998 оны зуны тэр орой би өөртөө нотлон харуулсан юм. Гэртээ ирээд “Өндөр цалинтай ажилд орох найдвар бий” гэж эхнэртээ худал хэлэв.

Ярилцлага хэдий бүтэлгүйтсэн ч хэд хоногийн дараа намайг ажилд авах болсон тухай утсаар мэдэгдлээ. Жонн нь компаний захирал, мөн Худалдааны менежер болж таарав. Ингээд би “хүнтэй уулзсаныхаа төлөө” цалин авдаг ажилд оров – Худалдааны төлөөлөгч гэнэ. Энэ бол америкийн бизнес монголд нэвтрүүлж буй бизнесийн цоо шинэ соёл, цоо шинэ арга барил байв. Өдгөө компаниуд худалдааны төлөөлөгчтэй, маркетингийн ажилтантай болсон бол тэр үед монголчууд энэ талаар “нойл” ойлголттой байсан юм.

Ингэж би америк маягийн бизнесийн тогоонд чанагдаж эхлэв. Бизнесийн ёс зүй, хариуцлага, үнэт зүйлс гэдгийн талаар ойлгож эхэлсэн.

Ажилд орсон эхний өдөр надад гар утас, компьютер тэргүүтэй бүх хангамжийг тавьж өглөө. Сарын цалин $300 байхын сацуу гадуур хүмүүстэй уулзаж явахад зориулж 300 долларыг нэмэлтээр “зүгээр тавьж” өгдөг аж (тавьж өгөх гэдэг соц үеийн тодорхойлолт ашиглав – англиар “Expense” гэнэ). Сар бүрийн эцэст 300 доллараа яаж үрснээ тайлагнах ёстой гэнэ – хэнтэй уулзсан, юу ярьсан, ямар боломж байгааг долоо хоног бүрийн даваа гарагийн хуралд хэлэлцэж, зөвлөлдөх ёстой. Мөнгөний тухай асуудаг хүн байхгүй, боломжуудын тухай л ярилцана. 30 орчим минут үргэлжлэх энэ хуралд, Жонн ихэвчлэн худалдааг яаж хийх тухай сургана. Бид суралцана. Хурал дуусаад “Та нар энэ офисоос зайлаад өг, юмаа зар, би хүүхдийнхээ коллежийн төлбөрийг хийх ёстой” гэж бидний шахна. Гадуур явж, худалдаагаа хийх ёстой гэнэ!

Худалдаачны ажил баарны зөөгчийн дотоожны өнгийг олж мэдэхтэй төстэй. Ялгаа нь энэ улсын хамгийн авхаалж сэргэлэн бизнесийн эзэдтэй наймаалцах байсан юм. Хэсэг хугацааны дараа би Монголын чухал бизнесменүүдийг шууд ба шууд бусаар таньдаг болсноос холч, лут сэтгэлгээтэй ганц л хүнтэй тарсан. Тэр үед манай улсад уул уурхай, бүтээмж, техник технологийн ач холбогдлыг ойлгодог хүн ховор байсан юм.

Тодорхой, “баталгаатай шахаа” гэхээсээ тодорхойгүй нөхцөлд хүмүүстэй уулзаж, шийдлийг ямх ямхаар тодруулан, асуудал шийдэх өнгө аястай ажлыг өдөр бүр хийх ёстой. Худалдааны төлөөлөгчийн ажил бол цэвэр хувь хүний идэвхи санаачлагад суурилсан ажил байсан юм. Үүнийг ажилд орсон эхний өдөр нотолсон ба цаашдын чилийсэн бүх өдрүүд ч эхний өдөртэй яг ижил байсан юм. Бие даан шийдвэр гаргах, өөртөө шийдэж урагшлах зэрэг санаачлагатай байх энэ чанар надад хэрэг болсон нь ч бий, гай болсон нь ч их. Би хувийн тоглогч болж төлөвшсөн юм, багийн тоглогч биш. Би бизнесийн ёс зүйг дээдэлдэг нэгэн болсон.

Ажилд орсон эхний өдөр надад бас л санаанд багтамгүй эхний цохилт ирлээ. Уг нь би сургалт, танилцуулга, туршилтын хугацаа гэх мэтийг хүлээж байсан юм. Үгүй. Жонн өрөөндөө дуудаад “Чамд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн худалдааг хариуцууллаа” гээд “энэ машиныг яваад зар, чи одоо Agricultural Equipment Sales Champion болсон” гэв – ингээд би ажилд орсон эхний өдрөө Хөдөө Аж Ахуйн Тоног Төхөөрөмжийн Худалдааны “Аварга” болов. Аварга гэдэг нь анжис зэрэг дагалдах төхөөрөмжүүдийнхээ хамт тэр үеийнхээр сэтгэшгүй их 500,000 долларын үнэтэй Cat Challenger 65 гэдэг тракторыг худалдах явдал байсан юм. Аймшигтай! Энэ даалгаварыг авахдаа, энэ гайхлыг даруй, өнөө маргаашгүй худалдахгүй бол Аварга байхаа болино гэж би дотроо ойлгосон юм. Гэвч худалдааны ажил цаг хугацаа, аз хиймор, нөхцөл бүрэлдэж гэмээ нь бүтдэг аж. Би даруйдаа чадаагүй ч 3 жилийн дараа монголд хамгийн анхны “no-till” ХАА-н тоног төхөөрөмжийг худалдсан.

Дотоожны хэргээс үүдэлтэй худалдааны төлөөлөгчийн ажилд орсноор би Жонн гэгч америк эрээс худалдаа, хэлцэл, бизнесийн тухай ойлголтыг авсан юм. Энэ компанид ажиллахдаа би монголын хамгийн хүчирхэг хүмүүст олон сая долларын худалдаа хийсэн. Харин тэр үеийн монголын бизнесменүүд шалдир-булдир сэтгэхүйтэйгээ ч мэддэггүй, биеэ тоосон хүмүүс байсан юм. Аажимдаа уул уурхайн бизнес эрхлэгчид Вагнер Ази компани, түүний америк захирал Жонн Карлсен-ийн ачаар нүдээ нээцгэсэн юм.

Худалдааны төлөөлөгч хийж явахад хамгийн төвөгтэй, тэвчээр шаардсан зүйл нь тэрхүү шалдир-булдир сэтгэхүйг өөрчлөх явдал байсан юм. Уурхайчдын маань сэтгэхүй бойжин, бүтээмж, үнэ цэнэ, цаг хугацаа, техник технологийг одоо үнэлдэг болсон.

Энэ бүхнээс, би нэг нандин, чухал зүйлийг ойлгосон юм. Магадгүй хамгийн чухал нь байх. Сэтгэхүйг хөндлөнгийн хүн биш, харин хүн өөрөө л өөрийгээ өөрчилж чадна. Хөндлөнгийн хүн дохио өгч болно, харин ойлгох эсэх нь тухайн хүний чадвар юм.

Өнөөдөр би хувь тавилангийн эрхээр шалдир булдир сэтгэхүйтэй, сүр, хүч, эрх мэдэл, муйхраар бүхнийг шийдэх сэтгэлгээтэй монголын улстөрч, эрхтэн дархтнуудын төлөөлөлтэй нүүр туллаа. Харамсалтай нь, энэ хүмүүсийн үйлдлийг харвал “алалцахаас” өөр арга ухаангүй мэт харагддаг.

Содномзундуйн Эрдэнэ өнөөг хүртэл намайг үл тоож буйг би буруутгахгүй. Энэ хүмүүст надад олдсон шиг асуудлыг хэлэлцээр, зөвшилцлөөр шийдэх ухаанд суралцах боломж гараагүй гэж би бодож байна.

Юутай ч Содномзундуйн Эрдэнийг хэлэлцээрийн ширээнд хамтдаа сууж, асуудлыг шийдэхийг урья.

Би харилцан хүндлэл, ойлголцол, хэлэлцээрийн соёлыг сурталдаж байгаа юм. Тустай гэж үзвэл, Та үүнийг share-лээрэй

Leave a Comment