Ажлын ярилцлага, дотоожны хэрэг

1997 оноос хойш би 4 байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан нь монголын тэргүүлэх компаниуд байсан юм. Энэ компаниудын эзэд, менежерүүдэд би өөрийгээ сарын 8,000-10,000 долларын цалинтайгаар зарж чадаж байсан юм.

Өөрийгээ “үнэ хүргэн” зарахад миний хэлэлцэх чадвар хэрэг болсон. Харин аливаа зүйлийг үнэ хүргэн зарах ухааныг надад Жонн Карлсен гэгч америк эр заасан юм. Миний босс байсан тэр хүндэт хүнтэй, өдгөө би сайн найзууд болсон.

Ганзагын наймаа үеээ өнгөрөөж, Snickers-Wrigley Spearmint-г Москвагаас биш УБ-н тохиролцооны дэлгүүрээс авдаг боллоо.

1998 оны зуны нэг өглөө би Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХКомпаний захирал Жонн Карлсен гэгчтэй ажлын ярилцлагад орох болов. Энэ ярилцлагыг миний сургуулийн найз Жүгдэрням зохион байгуулж өгсөн юм. Жук маань тэр үед, Форд машины бизнесийг хариуцдаг байв.

Ахынхаа пинжекийг өмсөөд, өөрийгээ англиар түгдрэлгүй танилцуулах дасгалаа сайтар базааж авсан би түүний өрөөнд яваад оров. Аа – чанга дуутай, нүсэр том биетэй америк эр сууж байна. Ширээн дээр тавьсан гутлын ул ширтэнгээ ажлын ярилцлагад орно хэмээн саналгүй явлаа.

Ярилцлага миний урьдчилан бэлдсэн протоколоос тэс өмнөөгөөр өрнөсөн учир би балмагдаж, бүх бие хөшсөн юм. Гадаадын компанид ажилд орж, гэр бүлдээ тогтмол орлогын эх үүсвэр авчирхаасаа өнгөрөв гэхээс би айдаст бүрэн автсан. Айдас, уур бухимдалд автсан хүн бодож, сэтгэх чадваргүй болдог юм.

Өөрийнх нь хэлээр өөрийгээ гялалзтал танилцуулаад ярилцлагыг давахаар бэлдсэн “протокол” хэрэгжээгүй учир би “бүх юм талаар өнгөрлөө” хэмээн найдлага тасран суусан юм. Гайхалтай нь, Жонн “өнөө орой 18 цагаас Buddweiser шар айрагны газар хүрээд ирээрэй, ярилцлагаа үргэлжлүүлнэ” гэв. Шалбийтлаа хөлөрсөн би одоо яана аа гэх бодол тээн болзсон газраа, цагтаа очив. Энэ бол Наушкийн гаалийн орос байцаагчийг найрахаас шал ондоо, хавьгүй хэцүү даваа байлаа…

Түрийдээ ковбой гутал шахсан, амандаа бүдүүн навчин тамхи зуугаастай энэ том биетэй, харь соёлтой, харь хандлагатай эрийн “учрыг яаж олохоо” би үнэндээ мэдэхгүй байсан юм. Хэд хэдэн шар айраг уулаа, хоол идлээ. Ингээд тэр надад эхний дөрвөн хичээлээ заасан юм. Түүнтэй 20 жил нөхөрлөхдөө би өөр олон зүйл сурсан.

“За-Энхтөр, баарны зөөгчийн дотоожны өнгийг мэдээд ир” гэдэг байгаа! Энэ бол миний хэзээ ч тааварлан төсөөлж чадхааргүй гэнэтийн, огтоос санаад оромгүй даалгавар байсан юм. Би ажилд орох ёстой, энэ даалгаварыг ямар ч хамаагүй аргаар гүйцэлдүүлнэ гэх бодол зурсхийлээ. Даалгаварыг би боломж гэж үзсэн. Гэхдээ, ажлын ярилцлага гэдэг чинь ийм аймшигтай юм байдаг гэж үү?!

Огт танихгүй, миний үеийн охин байна. Мөс хагалах санаатай ганц нэг үг хэлсэн ч намайг нэг нүдээрээ хялайсангүй. Хэдэн минут зогслоо, хүлээлээ. За, ингээд шууд шийдэмгий ганц саналаа түүнд шулуухан хэллээ. “Найзаа, чамд мөнгө өгье, одоо би чиний дотоожны өнгийг мэдмээр байна” гэлээ. “Битгий хуц, зайл чи” гэв. Ингээд нэг залуу хүүгийн нэг өдөртөө үзэхэд дэндүү хатуу хоёрдахь цохилтоо авлаа. Газрын гаваар далд ороход ч багадна.

Ширээндээ буцаж очоод “Би дотоожны өнгийг мэдэж чадсангүй” гэдгээ өчөөд, охинтой юу ярьснаа Жонн-д хэлэв. Тэрээр хайнгадуухан сонсоод “Бүтэхгүй арга!” гэлээ. “Энхтөр өө, чи ердийн ажлын өдөр, энэ дэлхийн 10 хүүхний 8 нь цагаан дотоожтой явдаг гэдгээс таамаг дэвшүүлээд, хүүхэн дээр очихоосоо өмнө “цагаан” гэж надад хэлсэн бол би чамайг үнэлэх байлаа” гэв. Чоорт! Би яагаад ингэж бодсонгүй вэ! Нэг асуултад хоёр унав.

Эхний сургамж. Таамаг дэвшүүлэх

Жонн хэлж байна “Монголчуудын дунд худалдаачин сэтгэхүйтэй, хүнтэй хэл амаа олох арга ухаантай хүн огт байдаггүйг би мэднэ, иймд бүү гутар. Та нар бүгдийг хүчээр эсвэл заль-мэхээр шийдэх гэж оролддог” гэв. Гэхдээ, хүүхэн дээр зориг гарган очсоныг чинь үнэлж байна. Чи худалдаачин болох хүсэлтэй бол ямар нэг үйлдэл хийхээсээ өмнө, нөхцөл байдал хэдий бүрхэг-харанхуй ч заавал нэг таамаг дэвшүүлж, түүнийгээ мухарлаж сурах хэрэгтэй гэв.

“Хүүхнийг ширээнд дуудаадах, хоюулаа хамтраад оролдоод үзье” гэв. Би орчуулав, тэр ярив.

“Энэ залуу бид хоёр чиний дотоожны өнгөний талаар маргаанаа таслахаар 10 долларын бооцоо тавиад байна л даа. Энхтөр чамайг хөх, харин би улаан дотоожтой яваа гэж бодож байгаа юм. Хэрэв хоюул буруу бол, чамд бооцооныхоо 10-г өгнө” гэхэд зөөгч-хүүхэн “цагаан” гэж баяртай хэлээд, өчүүхэн хэсгийг өмднийхээ дээгүүр цухуйлган үзүүлсэн юм. Сайн дураараа. Америк хүн, америк сэтгэхүй, худалдаачин хүн ийм байдаг байх нь! Ингээд би найраагүй нөхцөл гэж үгүй, гарц сүвэгчилж болдгийг энэ эрхэм найзаасаа харсан юм.

Дотоожны асуудал хөндөгдөхөд түүнийг би гаж донтой, тэнэг америк гэж дотроо дүгнэсэн байлаа. Харин бүх юм өнгөрсний дараа Жонн-д хүүхний дотоожны өнгө сонин биш, харин миний сэтгэлгээг шалгасныг ойлгосон юм. Эндээс би амьдралдаа баримтлах бас нэг чухал сургамжийг авсан – Сэтгэж чадвал, хүн өөртөө тусалж чадна.

Хоёрдахь хичээл. Арга сүвэгчлэх, уран сэтгэх.

Дотоожны асуудал шийдэгдсэний дараа Жонны хэлснээр “энэ дэлхийн хамгийн шилдэг худалдаачин Сүхбаатар” гэгч бидэн дээр ирсэн юм. Жонн угаас үгэндээ хүч-оруулах дуртай нэгэн л дээ. “Энэ залуу худалдааны төлөөлөгчийн ажилд орох санаатай. Сүх ээ, чи худалдаачин хүний санаж явах алтан дүрмийг энэ залууд ганцхан үгээр хэлээд аль” гэлээ. Цаадах нь түгдрэлгүйгээр дараахыг англиар хэлсэн юм.

“Follow The Money!”

Жонн “Энэ хүнийг жинхэнэ худалдаачин гэж чамд эс хэл лүү! Энэ үгийг насан туршдаа санаж яв” гэлээ. Хожим энэ үгийг “Follow the money, talk to decision maker” гэж өөрчлөн би өөрийн болгож авсан юм.

Өнөөдөр миний өмнө баарны зөөгч биш, Содномзундуйн Эрдэнэ гэгч монголын дээд зиндааны улстөрч зогсож байна. Тэр өнөөдөр ямар дотоожтой яваа бол? Цагаан!

Энэ хүний бизнес миний өмнө хөндөлсөн, намайг хохироож байгаа нь уг нь шийдэхэд тийм ч хэцүү нөхцөл биш юм. Энэ бол бидний дунд үүссэн өмч ба эрхийн хялбархан шийдэлтэй зөрчил. Үүнийг БИД соёлт хүмүүсийн хэлэлцээр хийх аргаар шийднэ. Шийдлийг Содномзундуйн Эрдэнэ бид хоёр зэрэгцэн суугаад, хамтран шийдэж болно.

Дангаар шийдэж бүтэшгүй нөхцөлийг хэлэлцээр гэнэ.

Би харилцан хүндлэл, ойлголцол, хэлэлцээрийн соёлыг сурталдаж байгаа юм. Тустай гэж үзвэл, Та үүнийг share-лээрэй

Leave a Comment