Хувийн сууц, үнэ цэнэ

10 гаруй жилийн өмнө ах бид хоёр ээждээ ус-дулаан-угаалгын өрөөтэй-тухтай сууц барьж өгөхөөр шийдлээ. Харин энэ төсөл “Дэлгүүрээс талх авахаар гараад замдаа хувьсгал хийв” гэдгийн үлгэр болсон.

Төсөл дуусахад анх ТӨЛӨВЛӨСӨН ганц хүний сууц 3.5 давхар, 4 унтлагын өрөө, 4 угаалгын өрөө, 2 зочны өрөө, дээвэр дээрээ цонхтой, 2 тагттай, зоорийн давхартаа хоёр автомашины гаражтай, шалнаасаа халдаг, арагт бүтэцтэй лухгар эд болж, танигдахгүй болтлоо хувирсан байлаа. Байшингаа төлөвлөх явцад би “мөрөөдлийн байшингийнхаа” шинжүүдийг “өөрийн мэдэлгүй” нэмсэн нь ийм байдалд хүргэсэн.

Байшингийн зургийг мэргэжлийн зургийн компаниар, гүйцэтгэлийг барилгын компаниар хийлгэв. Тухайн үед “эрчим хүчний хэмнэлттэй орон сууц” нэртэй төслийг GTZ (Германы Техникийн Туслах Нийгэмлэг) хэрэгжүүлж байсан юм. Бид тэндхийн инженерээс эрчим хүчний хэмнэлттэй сууц барих талаар зөвлөгөө авсан нь онч шийдвэр байсан юм. Инженер бидэнд дулаан байшингийн үндсэн философийг ганц өгүүлбэрт багтаан хэлж өгсөн нь:

Дулаан алдагдалгүй байшинг шүдэнзээр ч халааж болно.

GTZ

байлаа. Машины худалдаачин “Наадах чинь хойд хоёр дээрээ босно” хэмээн машинаа магтвал миний сэтгэл хөдлөхгүй. Харин инженерийн үг надад айхтар нөлөөлсөн учир, энэ үгийг би хүмүүст хэлэх дуртай болсон.

Байшинг 25кг нягтралтай, 20 см зузаан хөөсөнцөрөөр бүрэн хучсан юм. Иймдээ ч дүн өвлийн хүйтэнд майктайгаа халууцхуйц дулаахан байшин болж чадсан юм.

Бидний бага хүү мэндэлж, бид хотын захын байшиндаа ээжтэйгээ хамт 3 жил сайхан амьдарсан. Ээжийнхээ амьдрах орчныг сайжруулж чадсандаа бид додигор, баяртай байсан юм. Харин ээж маань өөр бодолтой байсан нь төдийгээс өдийг хүртэл хачин-хачин юм болох шалтгаан болов.

Ээж маань нэг өдөр “би та нартай нэг гэрт амьдарч чадахгүй” гэлээ. Wow! Бидний амьдралын хэв маяг таалагдахгүй, идэж уудаг нь ч ондоо, өөрийн зоргоор байж чадахгүй байгааг тэвчихгүй – би хуучин байшиндаа нүүж орно гэнэ ээ. Биднийг өөрийнх нь төлөө чармайсны хариу ингэж ирэх юм чинээ санаагүй бид цочролд орсон ч түүнийг ойлгож байв. Нэг дээвэр дор нэг л айл байх ёстой! Ингээд бид тэр хашаандаа хоёрдахь байшинг барьсан юм.

Хоёр байшин барих мөнгийг эхнэр бид хоёр гаргасныг хөрөнгө оруулалт гэе. Байшингууд чанартай, байршил сайтай учраас энэ үл хөдлөх хөрөнгө үнээ алдахгүй гэж боддог байлаа. Энэ бодол ноднингийн 7 сар хүртэл үнэн байсан! 9 сар гэхэд Содномзундуйн Эрдэнийн барьсан уурын зуух миний хөрөнгийн “зах зээлийн үнийг” үгүй хийсэн нь тов-тодорхой болсон юм. Энэ нь ийм учиртай.

Үргэлжлэл бий… дараа нэмж оруулъя

Би харилцан хүндлэл, ойлголцол, хэлэлцээрийн соёлыг сурталдаж байгаа юм. Тустай гэж үзвэл, Та үүнийг share-лээрэй

1 thought on “Хувийн сууц, үнэ цэнэ”

Leave a Comment